Saturday, May 8, 2010

Луврын музей

Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей билээ. Лувр гэдэг нь “Чонын ой” (Luparia, Louүerie) гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна.
“Франциск I”-ын үед тэр хуучин шилтгээнийг буулгах зарлиг буулгаж, оронд нь 1541 онд шинэ өргөн том ордон бариулсан нь өдгөөгийн Луврын музей болжээ. Музей 1793 оны наймдугаар сарын 10-нд олон нийтэд үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Шинэ ордны барилгын ажил архитектор Лескогийн удирдлаган доор баригджээ. Их барилгын ажил завсарлагаатайгаар 1857 он хүртэл хэдэн арван жил үргэлжилсэн юм. Архитектрч Лескогийн дараагаар Луврын барилгын үргэлжлэл дээр IҮ Генрихийн үед Б.Андруе дю Серсо, XIII Людовикийн үед Лемерсье, XIҮ Людовикийн үед Лево, Наполеонийн үед Персье болон Фонтен, хамгийн сүүлд III Наполеоны үед архитектор Висконти болон Лефюель нар ажиллажээ. Харин хожмоо 1981 онд Францын ерөнхийлөгч Франсуа Миттераны шийдвэрээр Луврыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн байна. Энэ үед музейн эртний хэсгүүдийг нь сэргээн засварлаж, Наполеоны ордны өмнө шинэ хуучин Луврыг холбосон алдарт шилэн пирамидийг барьсан бөгөөд пирамидын зохиогч нь хятад гаралтай америк архитектор Йох Минг Пи байсан байна.
Урлагийн бүтээл гэдэг гайхалтай зүйл хэзээ ч устаж үгүй болохгүй гэдгийг нотолсон ганц жишээ нь энэхүү Луврын музейн барилга бөгөөд баригдсан цагаасаа олон саад бэрхшээлтэй тулгарсан ч тэр бүхнийг даван туулж цаг үетэйгээ хөл нийлэн хөгжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Мөн Луврын музей нь барихаар төлөвлөгдсен цагаасаа эхлээд л эрх чөлөөт хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсоор иржээ.
Өдгөө 18 га талбай эзлэн орших тус музейн цуглуулгад ойролцоогоор 35 мянган ширхэг урлагийн гайхамшигт үзмэрүүд агуулагдаж байдаг бөгөөд бүтээлүүд нь 60 мянган метр талбайд дэлгэгдсэн байдаг байна. Тус бүтээлүүд дотор алдарт зураач, барималч Леонардо Да Винчийн "Мона Лиза", Жакус Луйз Давидын "Хорацийн тангараг" зэрэг олон алдартай бүтээлүүд байдаг.
Үнэт чулуунуудынх нь дунд Энэтхэгээс олсон 137 каратын “Регент” нэртэй алмааз байдаг аж. Луврт хамгийн “хөгшин” гэгдэх Кариатидын танхимд жүжгийн нэрт зохиолч Ж.Мольер хамгийн анх өөрийн жүжгийг тавьж тоглуулж байсан түүхтэй гэнэ.
Эртний дорно дахин, Египет, Грек, Ромын болон баримал, уран зураг, чимэглэлийн урлагийн гэсэн зургаан салбар хэсэгтэй. Эртний Египетийн салбарын голлох үзмэрийг Наполеоны Египетэд хийсэн аяныг дагалдаж явсан эрдэм шинжилгээний анхны экспедицийн олсон олдворууд эзэлдэг.
Эртний урлагийн салбар танхимд дэлхий даяар алдартай Венера Милосскаягийн баримал тавиатай байдаг. Мөн Леонардо да Винчийн “Жоконда” байдаг байна.
Луврын музейд тавигдсан бүтээлүүд маш сонирхолтой, уран хийцтэй, хэний ч бахархлыг төрүүлэхүйц байдгаас гадна музейн барилга нь ч өөрөө урлагийн бүтээл болон оршиж байдаг аж.

Учир нь тус музейн барилга харагдах байдлаасаа маш нарийн хийцтэй, бас дотор талд нь байх нарийхан шат эгц доошоо орсон муруй тахир хэлбэртэй аж. Харин байршлын хувьд Сэйнь болон Рю де Риволи голуудын хооронд буюу яг Парис хотын төв хэсэгт оршдог байна.
Америкийн 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Кеннеди албан ажлаа хүлээж авсныхаа дараа Францад айлчлахдаа Луврын музейг үзэж сонирхоод "Амьдралдаа ядаж нэг удаа Луврын музейг заавал үзэх хэрэгтэй юм байна. Үүнийг үзсэнээр л урлагийн бүтээл гэж ямар гайхалтай зүйл болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадлаа. Харин энэ бүхэн хүний гараар бүтсэн гэхэд үнэхээр гайхалтай. Хүн гэдэг хамгийн хүчирхэг амьтан болох нь эндээс харагдаж байна, Тэр тусмаа Франц улсын соёл иргэншлийн түүх өнө эртний баялаг түүхтэй нь харагдаж байна" хэмээн ярьж байжээ

No comments:

Post a Comment