Sunday, November 29, 2009

Тавантолгойн эзэн далдуур шийдэгдэж эхэлсэн бололтой

Тавантолгойн эзэн далдуур шийдэгдэж эхэлсэн бололтой
Тун удахгүй Тавантолгойн хувь заяа шийдэгдэнэ. Энэ ордыг эзэмшихийн төлөө гадаад, дотоодын нэр бүхий олон компани саналаа ирүүлсээр байна. Харин "тулаан"-д хэн ялах бол гэдэг асуулт хүчтэй тавигдаж эхэллээ.


Тавантолгойн түүх
Тавантолгойн орд нь таван жижиг толгойн хэлбэрээр байрласан байдаг тул ийн нэрлэсэн аж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай чулуун нүүрсний орд газар юм. Тогтоогдсон нөөц нь зургаан тэрбум гаруй тонн. Үүнээс хоёр тэрбум нь коксждог, өндөр чанартайд тооцогддог байна. Энэ орд газар манай улсад томоохонд тооцогдох төдийгүй дэлхийн арван том уурхайн нэг билээ. Харин уг ордыг 1996 оноос эхэлж ил уурхайгаар ашиглан Өмнөговь болон Дундговь, Дорноговь зэрэг аймгуудын нүүрсний хэрэгцээг хангаж иржээ.

Ордын өнөөгийн эзэмшигчид
Өнөөдрийн байдлаар уг ордод олборлолт хийж байгаа "Таван толгой" ХК 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Ингэснээр 2004 оноос эхлэн жилдээ 100 орчим мянган тонн коксжих нүүрсийг Гашуун-сухайтын боомтоор БНХАУ-д экспортолж байна. Энэ компани тус уурхайгаас 2003 онд 39 мянган тонн, 2004 онд 64 мянган тонн, 2005 онд 405 мянган тонн, 2006 онд 787.1 мянган тонн нүүрс олборлосон байна. Харин 2000 оноос "Энержи ресурс" ХХК Тавантолгойн ордын бусад томоохон талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсээр ирэв.

УИХ-аас тус ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж, Засгийн газар 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой гэсэн байр суурьнаас "Энержи Ресурс" ХХК-тай хэлэлцээ хийсэн юм.

Ингээд өнгөрсөн оны гуравдугаар сард Ухаа худаг нэртэй 11952 А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг тус компанид үлдээж, бусад таван зөвшөөрлийг Засгийн газар авчээ. Албан ёсны мэдээнээс үзвэл, Засгийн газар Тавантолгой нэртэй 11943 А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га талбай, Тавантолгой нэртэй 11956 А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га талбай, Шар тээг нэртэй 11955 А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га талбай, Бор толгой нэртэй 11953 А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га талбай, Бор тээг-1 нэртэй 11954 А тусгай зөвшөөрөл бүхий. 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрлийг төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХК-д шилжүүлэн өгчээ.

Одоо ордын дийлэнх хэсгийг эзэмшиж буй "Эрдэнэс МГЛ" ХК-ийн төлөвлөж буйгаар Тавантолгойн орд газарт 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих аж. Мөн 220 квт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) Тавантолгойн дэд станцын хамт, Тавантолгой-Оюутолгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртэлх 220 квтын ЦДАШ-ын хамт барихаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын чиглэлийн 270 км урт төмөр замын сүлжээг хөдлөх бүрэлдэхүүний хамт, хоногт 32 мянган шоо метр ус шахах хүчин чадалтай насос станц, 70 км ус дамжуулах хоолой бүхий ус хангамжийн байгууламж, 10 мянган хүн оршин суух хотхон, холбогдох нийгэм ахуйн байгууламжийг босгохоор төлөвлөсөн байна.

Таванголгойн шинэ эзэд
Иргэн Б.Цогшсайхан. Монголын "Дайцүки" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Буян"-гийн Жагаагийн төрсөн дүү. Тэрбээр ах нь Үйлдвэр худалдааны сайд байх үед буюу 2006 оны наймдугаар сард Тавантолгойн ордын 101 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатайгаар авсан байна.

БНХАУ-ын иргэн Гуо Юу Чи. "Броэд", "Морин луу" ХХК-иудыг үүсгэн байгуулж эзэмшдэг. Эдгээр компани нь Тавантолгойн 56 012 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын
лиценз эзэмшиж байгаа аж.

Хэрэв "Эрдэнэс МГЛ" 100 хувь төрийн өмчит ХК 68 522 га газар эзэмшдэг гэвэл энэ иргэн Монгол Улстай зэрэгцэхүйц том хэмжээний газар эзэмшдэг гэсэн үг юм. "Броэд" ХХК-д 2006 оны наймдугаар сард Тавантолгойн ордын Гашуун овоо хэмээх газар 37 350 га талбайгаас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз олгосон байдаг байна.

Үүгээрээ тус компани энэ оны эхний сарын байдлаар хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй 10 компанийн хоёрт орсон аж. Харин "Морин луу" компанийхаа нэр дээр мөн л 2006 оны наймдугаар сард Тавантолгойн Дуулга толгой хэмээх газрын 18 662 га талбайгаас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз авчээ.

Энэ нь бас л манай улсын хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензийн нэг юм. Мөн гадаадын дараах компаниуд тус ордод хөрөнгө оруулах саналаа манай улсын Засгийн газарт хэдийнэ ирүүлчихээд байгаа сурагтай.

Эдгээр компанийн заримаас нь танилцуулбал:
БНСУ-ын "КОРЕС" байгууллагын толгойлсон 11 компанийн консорциум. Захирал нь Ли Хан Хо. 1967 онд байгуулагдсан энэ компани 2008 оны жилийн эцсийн тайлангаар 10 орны 26 төсөл дээр 473 тэрбум 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн үзүүлэлттэй гарчээ.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор тус улсад зочилсныг уншигчид санаж байгаа байх. Энэ үеэр ноён Ли Хан Хо өөрийн хүсэлтээр Н.Энхбаяртай уулзаж уул, уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан. Энэ компани мөн Казахстаны ураны орд дээр төсөл хэрэгжүүлдэг аж.

Уг ордын ядаж 10-20 хувийг эзэмшихийн төлөө байдгаа гөвж байгаа дуулдана. Мөн Якутын нүүрсний уурхайг сонирхож байгаа аж.

ОХУ-ын "Ренова", "Базовый элемент", "Газпром" компаниуд. Монголчуудад аль хэдийнэ танил болсон нэрүүд. "Ренова", "Базовый элемент" хоёр ОХУ-ын хүчирхэг компаниудын нэг бөгөөд хоёулаа тус улсын хөнгөн цагааны зах зээлийг эзэмшдэг. Одоогийн ерөнхийлөгч Д.Медведев “Газпром"-ын захирлаар ажиллаж байсан гэдгийг энэ дашрамд санах хэрэгтэй болов уу.

АНУ-ын "Пибоди энержи" компани.
Хувийн хэвшлийн хувьд дэлхийн хамгийн том нүүрсний компани юм. Түүний нүүрсний бүтээгдэхүүн нь АНУ-ын бүх эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг, дэлхийн эрчим хүчний хоёр хувийг хангадаг гэсэн мэдээлэл бий. Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах үеэрээ Тавантолгойд зөвхөн нүүрс олборлохоор зогсохгүй, шингэн түлш, шатагч хий зэрэг дагалдах үйлдвэрлэл эрхлэх нь зүйтэй хэмээн сонирхлоо илэрхийлсэн байдаг.

БНХАУ-ын "Шинхуа энержи" компани. Нүүрс олборлолтоороо улсдаа толгой цохидог компани. Гэхдээ олборлодог ихэнх ордууд нь Өвөрмонгол орчимд байдаг. Тиймээс замын ойрыг бодсон ч Тавантолгойг сонирхож байгаа шалтгаан нь ойлгомжтой юм. Энэ компанийн талаар хэвлэлүүд хангалттай их бичиж байсан тул илүүг нуршсангүй. Харин манай төрийн удирдлагуудын Оюутолгойн гэрээний үед баримталж байсан "хөршүүд"-тэйгээ хамтрахгүй гэсэн бодлого энэ компанийг тойрохгүй гэдэгт найднам.

Японы "Мицуи", "Иточу", "Сожиц" ("Марубени", "Сумитомо" корпорацийн хамт).
Эдгээр компанийн талаарх мэдээлэл хангалттай гарч байсан тул дурьдахаас татгалзлаа.

Энэтхэгийн "Жиндал Стиил энд Пауэр лимитэд" компани.
Хар төмөрлөг, эрчим хүчний том компани. Энэ оны эхээр Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Энэтхэгийн тэрбумтан Навээн Жиндал ажилладаг бөгөөд өнгөрсөн жил манай оронд ирж төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээснээ зарласан юм.

Бразилийн "Вэйл" корпораци. Энэ компанийн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.
Швейцарийн "Экстрата". Тус улсын уул уурхай, олборлолтын томоохон компани. Цайр, төмөр, хөнгөн цагаан болон бусад металлуудыг олборлодог гэсэн мэдээлэл байна. Одоогоос гурван жилийн өмнө Канадын "Фалконбриж" хэмээх хөнгөн цагаан үйлдвэрлэгч компанийн хувьцааны 80 хувийг 11 тэрбум еврогоор худалдан авах санал тавьж байсан. Тиймээс бас басаж болохгүй л компанийн нэг аж.

Энэ мэтчилэн 20 орчим компани хөрөнгө оруулах саналын сонгон шалгаруулалтад оролцохоор саналаа ирүүлээд байгаа бололтой. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Сангийн яам аль хэдийнэ нэг компанийг нь онцолчихсон байгаа аж. Гэхдээ мэдээж хэрэг энэ компанийн нэр одоогоор нууц байна. Энэ бүхнээс харахад сонгон шалгаруулалтын "тулаан" нэлээд ширүүхэн явагдах нь ойлгомжтой боллоо

No comments:

Post a Comment