Sunday, November 29, 2009

Сайдын мэргэ төлөгт итгэхээ больё

Бидний айдас нэгээр нэмэгдэв. "Өвчин зовлон үрээс минь хол яваасай" хэмээн сэтгэлдээ залбирдаг ээжүүд зүрхэндээ шаналантай алхах нь. Энхрий үрийнх нь эрүүл мэндээр Монголын төр тэр дундаа Эрүүл мэндийн яам дэнчин тавихаар шийдэж.


Хэнийг ч ялгалгүй авч оддог энэ ханиад ахлах, дунд ангийнхныг дайрахгүй тойрох юм байх. Энэ бол Эрүүл мэндийн яамны сайд нарын санаачилсан ээлжит эрүүл бус шоу. Анх гахайн ханиадаа танихгүй хөгөө чирсэн С.Ламбаа сайд одоо "Сурагчдад ханиад хүрэхгүй байх" хэмээн таамаглаад сууж байна. Хүний амьдрал, үхлийн асуудал дээр түүний таамгийг сонсохгүй байхсан. "Амны хаалт зүүвэл тусахгүй байх, сандрахгүй бай, зүгээр" гэсэн С.Ламбаа сайдын хэлдэг үг Гандангийн дэнж дээр мэргэлдэг зурхайч, лам нарт л илүү зохьдог.

Төрийн сайд хүний хэлэх үг лав биш. Гэхдээ түүний энэ үгэнд Монголчууд мөн ч удаан найдлаа. Үр дүн нь юу болсон. Одоогоор өвчлөгсдийн тоо 1000 хол гарч, нас барагсад албан бус тоогоор 20 хүрч байна. Цаашид энэ өвчинд хэдэн хүн нэрвэгдэж, ямар байдал үүсэхийг хэн ч мэдэхгүй. Харин Эрүүл мэндийн яамны сайдын энэ удаагийн мэргэнд ахлах дунд ангийнхан ханиад хүрэхгүй гэж бууж. Түүний мэргэ эхнээсээ төөрсөн ч бидний эрүүл мэндээр шоудахаа зогсоохгүйгээр шийджээ. Одоо өвчлөгсдийн 60 гаруй хувь нь сургуулийн насны хүүхэд байна.

Мөн саяхны мэдээллээр 97 дугаар сургуулийн нэгэн сурагч гахайн ханиадны халдвар авч, дотоод эрхтнүүд нь устан, ард иргэдээсээ тусламж хүсч байна. Харин С.Ламбаа энэ мэдээллийг сонсоогүй болж таарлаа. "Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын хичээлийг оруулах саналаа дээш нь өгчихөөд хээв нэг сууж байх юм. Харин бага ангийн хүүхдүүдийг энэ удаа дайны талбар руу илгээхээ азная" гэж боджээ. Энэ нь "нэг ч гэсэн айлын багачууд нь ядаж өвчин тусахгүй байг" гэсэн түүний өрөвч зан байх л даа.

Гэхдээ тэрбээр гэр бүлийн нэг хүн л гахайн ханиад туссан тохиолдолд бусаддаа халдварладаг гэдэг өвчнийхөө утга учрыг бас л мартжээ.

Ямартай ч хийсч ирээгүй хэлж ирсэн гахайн ханиадны дараагийн бай нь ахлах болон дунд ангийнхан болоод байна.

Энэ шийдвэрийн талаарх иргэдийн санал, бодлыг сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Баялагмаа
Өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эрсдэлтэй алхам хийж байгаа нь буруу гэж бодож байнa.

Хүнд эрүүл мэнд чухал болохоос өнөө маргаашийн ганц хоёр тоо заалгах нэг их сонин биш. Тэгээд ч хүүхдээ явууллаа гэхэд манай сургуулиудын суралцах орчин ямар билээ. Миний хувьд энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байна.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Гэрэлсайхан
Оруулбал зүгээр юм болов уу. Гэхдээ өвчлөл нэмэгдээд байвал яах вэ гэж болгоомжлох хэрэгтэй. Ер нь энэ асуудал дээр хаа хaанaa сэрэмжтэй хандах нь зүгээр. Том ангийнхныг хичээлд оруулаад бага ангийнхныг оруулахгүй гэдэг нь утгагүй. Яагаад гэвэл нэг гэрт л амьдарч байгаа бол халдвар авна шүү дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Намсрайдорж
Өвчлөл багасч байгаа гэж сонссон юм байна. Хэрвээ энэ үнэн бол хичээлийг нь оруулсан дээр байх. Харин бага ангийг нь оруулахгүй, бусдыг нь хичээлд нь оруулна гэж заваарах буруу гэж бодож байна. Бүгд адилхан шүү дээ. Дандаа нэг балиар юм хийх юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Азмаа
Амралтыг сунгасан нь дээр. Нэгэнт энэ өвчин газaр авчих юм бол бид дийлэхгүй шүү дээ. Тийм болохоор ядаж сургуулийн хүүхдүүд ээ хамгаалж байсан нь дээр гэж бодож байна.

Хан-Уул дүүрэг Л.Оюун

Сургуулийг оруулахгүй байх нь зөв гэж бодож байна. Мөн энэ баар савыг болиулмаар байна. 19-ын үйлчилгээний хоёр давхарт нэг баар шөнөжингөө л ажиллаж байна. Энэ байдлаа арилгаж чадахгүй байж сургуулийн хүүхдүүдийг оруулж болохгүй. Тэгвэл байдал улам л хэцүүднэ.

No comments:

Post a Comment