Wednesday, November 18, 2009

Дэндүү богино настай зуун айлын зам

Дэндүү богино настай зуун айлын зам
Баянбүрдийн уулзвараас зуун айл хүртэлх 1,54 км авто замыг шинэчлэн засварлах ажил хэл ам, хэрүүл шуугиантай, тэр ч бүү хэл хүний аминд хүрэн байж хагас дутуу дуусах аядсан.


"Заабар", "Цаст инженеринг", "Уорлд эруна" гэсэн зам засварын гурван компани гүйцэтгэсэн энэ зам хугацаандаа дуусах ямар ч боломжгүй болсон учраас Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга н.Батцоож “хүйтэрсэн учраас зам засварын ажлыг зогсоож, ирэх хавраас үргэлжлүүлнэ" гэснээр замын хучилтын ажил хийгдэлгүй зогссон. Аравдугаар сарын 30-ны өдөр дуусах ёстой байсан ч хугацаандаа дуусч амжаагүй тул ингэхээс ч өөр аргагүй байгаагүй. Үнэн хэрэгтээ зам засах хугацаанд замын ажил хийгдэхгүй байгаа талаар бид тухайн үед нь мэдээлж байсан билээ /холбоотой мэдээнээс үзнэ үү/. Зуун айлын уулзвараас баруун тийш 720 метр замыг "Уорлд эруна" компани, үүнээс залгаад 320 метрийг нь “Цаст инженеринг”, Гэрэл төвөөс Баянбүрдийн тойрог хүртэлх замыг “Заабар” ХХК-ууд зассан гэдгийг энэ дашрамд сануулъя.

Энэ жил зам зөвхөн шинээр тавьж байгаа замуудад 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, нийслэлийн замын сан зэргээс дээрх санхүүжилтыг бүрдүүлжээ. Түүнчлэн нийслэл Замын сангаасаа 5.3 тэрбум төгрөг гаргаж замын нөхөөс хийсэн. Харамсалтай нь багагүй хөрөнгө гаргаж хийсэн зам хойтон хавар хүрэлгүй хагараад дуусах нь ээ.



Зам засварын явцад нийслэлийн харъяа газар, агентлагуудын дарга нар ээлж гарган зам засварын ажилд хяналт тавьж, хариуцлагатай жижүүр хийж эхэлсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Тэд хяналтаа хэрхэн тавьсан нь засагдаад сар ч болоогүй байж хагарч эхэлсэн зам бэлхнээ харуулж байна.



Хойтон хавар дахиад л мөнгийг бөөн бөөнөөр нь урсгахаас аргагүй болсон тус зам явган хүний зам, замын хажуу талын хашлагаа ч хийж амжаагүй байснаас энэ хэсэг газар угаас шороотой нийслэлийг улам ч бохир болгон харагдуулна.



Зам барих гэдэг бизнес Монголчуудын татварын мөнгийг хайр найргүй цацаж, луйвардаж, үргүй зарах нь хэрээс хэтэрчээ. Бүр Лүнгийн замаараа алдаршиж, замын луйвар хийж, авто осол байнга гарган, байгаль орчин сүйдүүлсэн эрхэм Д.Дамба-Очир /олны нэрлэж заншсанаар Хулхи-Очир/ хүртэл өдгөө УИХ-д заларч орхисон нь энэ төрлийн луйврын хариуцлага тооцох аргачлал нь шийтгэл бус харин шагнал байдаг юм уу гэмээр сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ.



Тендэр нэрийн дор хэдэн компаниуд татварын мөнгөөр тоглон зам барихчаа аядаж, эцэст нь өнөө зам нь энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөөр тоглодог энэ байдалд хэн цэг тавьж, хэзээ хариуцлага тооцдог болох бол. ЗТБХБ-ын сайд эрхэм Х.Баттулга Та энэ асуудалд анхаарлаа хандуулаач.

No comments:

Post a Comment